ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ АЛБАН ТУШААЛТНЫ ЭРХ ЯМБЫН ТӨЛӨӨ ЗОЛИОСЛОН УСТГАХ ЁСГҮЙ
Төрийн ордны хойд талд буй цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр парламентын ордон барихаар эрх баригчид шийдвэрлэснийг Иргэний Зориг нам эрс буруушааж байна.
Төрийн ордны ард орших цэцэрлэг нь Нийслэлд үлдсэн бараг цорын ганц гэж хэлж болох ногоон байгууламж бөгөөд хотын хүн амын төвлөрөл өсч, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед түүнийг устгах нь харалган бөгөөд цөөн хэсэг албан тушаалтны эрх ямбын төлөө олон нийтийн эрх ашгаас урвасан үйлдэл болох юм.
Дээрхийн адил ногоон байгууламжийг дахин байгуулахын тулд наад зах нь 50-70 жил хэрэгтэй гэдэг нь хэнд ч илэрхий ойлгомжтой билээ.
Иймд Иргэний Зориг нам цэцэрлэгт хүрээлэнг өөрийн хамгаалалтанд авч байгаагаа үүгээр мэдэгдэж, олон түмний эрх ашигт үл нийцэх шийдвэрээсээ нэн даруй татгалзахыг эрх баригчдаас шаардаж байна.
ИРГЭНИЙ ЗОРИГ НАМ