Лхагва, 9-р сар 08, 2010

Энд хайх зүйлээ бичнэ үү!

“Иргэний зориг нам идэвхтэн гишүүдийнхээ санаа бодлыг сонсоно”

Иргэний зориг нам энэ сарын 30, 31-ний өдрүүдэд нийслэлийн идэвхтэн, сонгуультны зөвлөлгөөнийг Улаанбаатар хотноо явуулахаар төлөвлөөд байна.Энэ талаар тус намын Тамгийн газрын дарга Г.Ганбатаас тодрууллаа.

 

-Иргэний зориг нам 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш үйл ажиллагаагаа одоо л идэвхжүүлэх гэж байгаа бололтой. Намынхаа идэвхтэн, сонгуультны зөвлөлгөөнийг улсын хэмжээнд зохион байгуулахаар болоод байгаа юм байна?

-УИХ-ын ээлжит сонгуулиас хойш сонгуулийн үр дүнгээс үүдэлтэйгээр улс төрийн зарим намууд шокын байдалтай байсан. Иргэний зориг намын хувьд ч мөн адил сонгуулийн тогтолцооноос хамаараад ард иргэдээс авсан саналынхаа хэмжээгээр УИХ-д суудал эзэлж чадаагүй. 2008 оны сонгуулиар сонгогчдын 11 хувь нь ИЗН-ыг дэмжсэн боловч парламентад нэг суудал авсан. Үүнээс хойш болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ИЗН бие даан нэр дэвшүүлэх эрхтэй, бодитой өрсөлдөгчидтэй байсан боловч Монгол Улсад шударга ёс тогтоох, авлига хээл хахууль, хүнд суртлыг халах гээд нам байгуулагдсанаасаа хойш дэвшүүлж буй үнэт зүйлсийг мөрийн хөтөлбөртөө илүү тусгасан учраас Ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжиж оролцохоор шийдвэрлэсэн. Улмаар АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцон хамтдаа амжилтад хүрсэн. Сонгуулийн дүнгээс харахад АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж өрсөлдөгчөөсөө 3-4 хувийн саналын илүүгээр ялалт байгуулсан байгаа нь нэр дэвшүүлэх эрхтэй ИЗН болоод Ногоон намын аль нэг нь дангаараа бие даан өрсөлдсөн бол энэ ялалт ирэхгүй байх байжээ. Мөн саяхан болсон УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд гуравхан сарын өмнө баримталж байсан байр сууриа өөрчлөхийг бид хүсээгүй учраас Ардчилсан намтай хамтран оролцсон. Харамсалтай нь, маш олон шалтгааны улмаас энэ сонгуульд ялагдал хүлээсэн.

-Сүүлийн хоёр ч сонгуульд Ардчилсан намыг дэмжин хамтран оролцсон боловч Иргэний зориг намын гишүүд, дэмжигчид бол бодитой байгаа. Одоо тэдэн рүү чиглэсэн ажлыг намын удирдлагуудын зүгээс хэрэгжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэхээр болж байгаа гэж ойлголоо?

-Тийм ээ. Иргэний зориг намын үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой ирэх оны гуравдугаар сард болох юм. Монголын ардчиллын 20 жилийг эргээд харахад улс төрийн гуравдагч хүчний аль нэг нам парламентад төлөөлөлтэйгээр улс төр, нийгмийн амьдралд нөлөө бүхийгээр 10 жил оршин тогтносон нь бараг үгүй юм байна. Харин Иргэний зориг нам гуравдагч хүчний байр суурин дээр 10 жил оршин тогтнож, улс төрийн тууштай үйл ажиллагаа явуулж, парламентад төлөөллөө хадгалсаар ирсэн цорын ганц нам, хүчин болж байна. Монголын социал демократ нам гэхэд 2000 онд парламентад төлөөлөлгүй болж, АН-тай нэгдэж байсан. Тухайн үед маш хүчтэй гарч ирж байсан Эх орон нам өнөөдөр мөн парламентад төлөөлөлгүй, үйл ажиллагааг ньт нэлээд саарсан байх жишээтэй. Энэ бүх түүхийг харахад ИЗН-ын хувьд бахархах нэг зүйл нь арван жил нөлөө бүхий хүчин байж ирсэн явдал юм. Өнөөдөр бидний хамгийн гол зорилго бол 2012 оны сонгууль. Өнгөрсөн хоёр сонгуульд хүчин чармайлт гарган хамтран оролцсон АН-тай 2012 сонгуульд мөн хамтран оролцох, магадгүй Ногоон нам ч хамтран оролцох байх. Намуудын улс төрийн үйл ажиллагааны хамгийн гол хэсэг нь сонгуулиас сонгуульд бэлтгэх явдал байдаг. Энэ хугацаанд бид өөрсдийн үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Тухайлбал, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх, анхаарал хандуулах, идэвхжүүлэх ажлыг хийж ирсэн. Мөн намын гадаад харилцааг өргөжүүлэх талаар анхаарч ажиллаж байна.

Иргэний зориг намын 10 жилийн ой дөхөж буйтай холбогдуулан бид намын анхан шатны байгууллагын идэвхтний зөвлөлгөөнийг улсын хэмжээнд бүсчилсэн зохион байгуулахаар бэлтгэж байна. Эхний ээлжинд Улаанбаатар хотын намын байгууллагын ажилтнуудын зөвлөлгөөн энэ сарын 30, 31-ны өдрүүдэд болох юм. Дараа нь 21 аймгийн салбар байгууллагуудыг бүс бүсээр нь хэсэгчлэн энэ ондоо багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр ИЗН 21 аймаг, 9 дүүрэгт 31 намын хороотой ажиллаж байгаа. Улсын хэмжээнд 300 гаруй сумын 100 орчимд нь намын үүртэй юм.

-Зөвлөлгөөнөөр ямар асуудал ярилцах вэ. Гол зорилго, үр дүн нь юу байх вэ?

-2008 оны сонгуулиас хойш намын удирдах байгууллага, улс төр зөвлөл хуралдаж, сонгуулийн үр дүн, намын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн. Харин намын гишүүд, анхан шатны байгууллага, идэвхтэнүүд маань үнэлэлт, дүгнэлт маш чухал байдаг. Гишүүд, дэмжигчид дээрээ тулгуурлаж намын үйл ажиллагаа явдаг учир тэдний дүгнэлт, санаа бодлыг сонсоно. Бас 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, 2012 оны сонгуульд бэлтгэх хүрээнд анхан шатны байгууллагуудаас ямар санал санаачилга гаргах нь вэ, тэр бүхнийг нэгтгэн ажлын төлөвлөгөөндөө тусгах зорилготой. Зөвлөлгөөний үеэр зарим нэг намын хороо, үүр дотоод зохион байгуулалтын асуудлаа шийднэ гэдгээ мэдээлж байгаа.

-ИЗН гадаад харилцаагаа бас анхаарч, хөгжүүлж байгаа гэлээ. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-Саяхан Азийн улс төрийн намуудын тавдугаар бага хурал Астана хотноо болж, ИЗН-ын төлөөлөгчид оролцсон. Мөн энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд Египетийн Каир хотноо Либераль интернэйшнлийн 54 дүгээр конгресс болж, ИЗН-ын төлөөлөгчид оролцохоор бэлтгэж байна. ИЗН нь дэлхийн улс төрийн намуудыг нэгтгэдэг гурван том холбооны нэг болох Либераль интернэйшнлийн гишүүн нам юм. Одоохондоо бид шинэ гишүүний хувьд ажиглагчийн статустай байгаа. Энэ удаагийн конгерссийн хуралдаанаар манай гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэнэ. Мөн энэ үеэр бусад гишүүн намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байгаа.

 З.БОРГИЛ