Их Тэнгэрийн тансаглалд мөнгө өгөөд Эмнэлэгээс харамласан Их Хурал
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаа төсвийн орлогыг 10.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагыг 20.8 тэрбум төгрөгөөр бууруулах бололцоо байгааг танилцуулав. Тухайлбал, орлогыг нэмэгдүүлэхэд Монголбанк улсын төсөвт таван тэрбум төгрөг төвлөрүүлэх бололцоотойн зэрэгцээ газрын тосны олборлолтыг идэвхжүүлснээр 5.1 тэрбум төгрөг “босгох” боломжтой. Харин зарлага талд хэмнэлт хийх хамгийн том эх үүсвэр нь хүүхдийн тоог бодитой гаргаснаар 12 тэрбум төгрөг, хувийн хэвшилд олгох татаасыг танаснаар 5.8 тэрбум төгрөг хэмнэх бололцоотойг дурдлаа. Үүний дараа УИХ дахь намын бүлгүүдийн санал, дүгнэлтийг сонссоноор үдээс өмнөх байнгын хорооны хуралдаан завсарлаж, 15.00 цагт үргэлжилсэн юм. Гэвч 16.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан товлогдсон тул асуулт асууж ажил уяхгүйгээр, хоёр намын бүлэг дээр дэмжлэг авсан нийт 60 орчим саналыг гар өргөн дэмжихийг байнгын хорооны дарга гишүүдэд анхааруулж, хуралдааныг шуурхайлуулав. Мөн УИХ дахь хоёр намын бүлгийн гишүүдээс хэн нь ямар санал дээр гар өргөхгүй байгааг протколд тэмдэглэх тул эсэргүүцээд байх шаардлагагүйг ч анхааруулсан. Ингэснээр УИХ-ын гишүүн С.Оюун, З.Алтай нарт асуулт асуух, үг хэлэх эрх нээлттэй үлдсэн юм.
Санал хураалт эхэлж, УИХ дахь Ардчилсан нам, УИХ дахь МАХН-ын бүлгүүдэд дэмжлэг авсан Монгол Улсын 2010 оны төсвийн алдагдлыг ДНБ-ийн таван хувиас хэтрүүлэхгүй байх зарчим баримтална гэсэн саналын томъёолол хуралдаанд оролцогчдоос100 хувийн дэмжлэг авав. Мөн Төв банк улсын төсөвт таван тэрбум төгрөг төвлөрүүлэх, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлснээр 5.1 тэрбум, төмрийн хүдрийн экспортыг нэмэгдүүлснээр хоёр тэрбум 800 сая, төсвийн орлогын гол эх үүсвэр болох зэсийн үнийг 615-аар нэмэгдүүлж, нэг тонныг нь 5800 ам.доллараар тооцсоноор холбогдох татваруудаар орж ирэх орлого 80 тэрбум 200 сая төгрөгөөр нэмэгдэх саналууд дэмжлэг авав.
Урсгал зардлыг бууруулах чиглэлээр хоёр намын бүлгээс дэмжлэг хүлээсэн саналууд ч ногоон гэрлээр гарлаа. Тухайлбал, Зээлийн баталгааны сангийн 4.5 тэрбум төгрөгийг Сангийн сайдын багцаас хасах, бордооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тусгасан 1.3 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцаас хасах, Хөгжлийн банк байгуулахад дүрмийн санд төсөвлөгдсөн найман тэрбум төгрөгийг Сангийн сайдын багцаас хасах, Эрсдлийн сангийн хөрөнгийг гурван тэрбумаар бууруулж, Сангийн сайдын багцаас хасах, Сургалтын төрийн сангийн зээлийг гурван тэрбум төгрөгөөр бууруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас хасах, мөн тус сайдын багц дахь урсгал зардлыг нэг тэрбум 300 сая төгрөгөөр бууруулах, үр дүнгийн урамшууллын зардлыг таван тэрбумаар бууруулж, Сангийн сайдын багцаас хасах, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын багц дахь нүүрсний нөөц бүрдүүлэхэд төсөвлөсөн хөрөнгөөс таван тэрбум төгрөг хасах саналууд дэмжлэг авлаа. Харин төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан саналууд багагүй шүүмжлэл дагуулав. Тодруулбал, Их тэнгэр цогцолборын засварт зориулж 400 сая төгрөг төсөвлөснийг УИХ-ын гишүүн С.Оюун шүүмжилж, “Яасан засагдаж дуусдаггүй Их тэнгэр вэ. Жил бүр Их тэнгэрийн засварт зориулж хөрөнгө төсөвлөдөг. Нэг жил тэвчиж болмоор юм” гэв. Гишүүд харин “Зассаны дараа нурчихдаг байхгүй юу даа, тэгээд л жил бүр хөрөнгө төсөвлөдөг гэж цаашлуулж, эцэстээ нураачихвал засахаасаа бага зардал гарна” хэмээсэн ч энэхүү хөрөнгийг дэмжив. Мөн МҮОНТ-д тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулж 500 сая төгрөг нэмж тусгах саналыг УИХ-ын гишүүн З.Алтай хатуухан донгодлоо. Тэрбээр Улаанбаатар хотын хэмжээнд арилжааны 15 телевиз үйл ажиллагаа явуулж, рекламаараа амьдарч байгаа. Гэтэл МҮОНРТ-д дангаар нь зургаан тэрбум гаруй төгрөг төсөвлөсний зэрэгцээ телевизийнх нь техникийг шинэчлэхэд зориулж 500 сая төгрөг нэмж тусгаж байгаа нь шударга бус үйлдэл. МҮОНРТ-ийн захирал “Ланд-200” унаад давхиж явна, тэр машин хэдэн төгрөгийн үнэтэйг мэдэх үү та бүхэн, монгол мөнгөөр 120 сая төгрөг. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгө. Ямар ч хяналт алга.
МҮОНТ-д мөнгө хэрэгтэй байгаа юм бол Ланд-200-гаа зараад камераа ав л даа. Арван шинэ камер авах мөнгө. Зургаан тэрбум төгрөг асар их мөнгө. Телевиз ямар зарчмаар ажилладгийг, хэчнээн төгрөг зарлагддагыг би сайн мэднэ, энэ гал тогоонд чанагдсан хүний хувьд. Цаашид МҮОНТ-д давуу эрх олгоод баймааргүй байна, арилжааны телевизүүдтэй тодорхой сэдэв чиглэлээр гэрээ байгуулж ажиллах ёстой. Энэ бол арилжааны телевизүүдийн хүсэлт шүү” гэлээ. Тэрбээр мөн парламентын сэтгүүлчид рүү зааж, төлөөлөл нь тэнд сууж байна, миний үгийг МҮОНТ-ээр цацдаггүй юм аа гэхэд үлдсэн 15 телевиз гаргана, хэн нь гар өргөж, энэ хөрөнгийг дэмжих вэ гэдэг чинь олон нийтэд нээлттэй шүү” хэмээлээ. Гишүүд тас тас хөхрөлдөн үнэн үг хэллээ гэж очков өгсөн ч МҮОНТ-д техник технологио шинэчлэхэд нь зориулж 500 сая төгрөг нэмж өгөхийг дэмжиж орхив. Тэгсэн хэрнээ УИХ-ын гишүүн С.Оюуны Шастины нэрэмжит III эмнэлэгт зүрхний хагалгаа хийхэд шаардлагатай аппарат шинээр худалдаж авахад зориулж хоёр тэрбум төгрөг төсөвт тусгах саналыг унагаж орхилоо. Тус аппарат хэзээ мөдгүй эвдрэх аюултай болсон, хэрвээ энэ аппарат эвдэрвэл олон бяцхан үрс, мөн иргэд хэдэн жилээр зүрхний мэс засалд орж чадахгүй хүлээгдэх учраас гишүүдийг дэмжээд өгөөрэй гэж учирласан ч үгийг нь авсангүй. Мөн түргэн тусламжийн парк шинэчлэлд зориулж 1.8 тэрбум төгрөг нэмж тусгах тухай санал дэмжлэг авч чадалгүй унав. Ийнхүү хэдхэн хоногийн өмнө хүн төвтэй хөгжих сууриа тавилаа хэмээн дуу хадааж, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталж байсан гишүүд хүн рүүгээ хандсан энэ мэт саналыг унагав.
Г.Дарь