МАХН, АН анх 2008 онд энэ амлалтыг өгсөн шүү дээ
-Сүүлийн өдрүүдэд та УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараас эмзэг бүлэгт хамрагддаггүй 35 настай иргэн Доржид 1,5 сая төгрөгөө хэзээ өгөх вэ гэдгайг байнгын хорооны танхимд ч, чуулганы танхимд ч “нэхэл хатуу”-тай асууж байгаа.
Таны зүгээс 1,5 саяыг бэлэн мөнгөөр иргэддээ хүртээх боломжгүй юм гэсэн үидэслэлийг тайлбарлаж байна. Хүний хөгжил сан хуулийн төслийг хэлэлцэж буй энэ үед та байр сууриа илэрхийлэхгүй юу?-Улсын төсвийг харахад одоохондоо 1,5 сая төгрөгийг өгөх боломжгүй байна. 2008 оны буюу УИХ-ын сонгууль болдог жилийн нийт улсын төсвийн хэмжээ 2,6 их наяд байсан. Энэ нь ДНБ буюу эдийн засгийн 50 хувийг эзэлж байсан үе юм. 2,6 сая хүнд сая төгрөг өгөхөд 2,6 их наяд хэрэгтэй. Тэгэхээр амлалт өгч байсан тэр үеийн төсөв тэр чигээрээ иргэн бүрт 1,5 сая төгрөг өгөх мөнгөний хэмжээтэй тэнцэнэ гэсэн үг юм. Хэрвээ энэ мөнгийг өгчихвөл цаана нь тэтгэвэр, сургууль, авто зам байгуулахад зарцуулах ганц ч төгрөг төсөвт үлдэхгүй гэсэн үг. Өнөөдөр УИХ-аар 2010 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ жилийн төсөв бас л 2,5 их наядаас хэтрэхгүй байгаа юм. Оюутолгойн гэрээний төсөлд гарын үсэг зурсны дараахан урьдчилгаа мөнгө хэмээн 100 сая ам.доллар орж ирлээ. Урьдчилгаа гэдэг нь бэлэг өгч байгаа хэрэг биш юм. Үүнийг ингэж ойлгуулаад хүн болгонд тавин мянган төгрөг тараах тухай ярьж байна. Энэ мөнгө нь Оюутолгой төслөөс ирээдүйд олох ашиг, татвараар орж ирэх мөнгөө бүр гурван хүүгийн зээлтэй авч байгаа хэрэг юм. 100 сая ам.доллар нь хувь хүн бүрт тавин мянган төгрөгөөр хуваарилахад бага мөнгө санагдаж байгаа ч их мөнгө. Аливаа нэгэн зүйлийг бүтээе гэвэл 100 сая ам.доллар буюу 140 тэрбум төгрөг нь асар их мөнгө. Наад зах нь хамгийн орчин үеийн дэлхийн хэмжээний оношлогооны төв байгуулахад 30 сая ам.доллар хэрэгтэй байдаг юм билээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлоос салъя гэвэл 100 тэрбум төгрөгөөр ахицтай ажил шийдэж чадна гэх зэргээр тооцвол олон асуудлыг шийдэх боломжтой юм. Албан ёсны тоогоор манай нийт иргэний гуравны нэг нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой бол албан бус тоогоор хоёр өрхийн нэгнийх нь амьдралын орлого амьдралд хүрдэггүй судалгаа бий. Ард иргэдийн орлого багатай, ядууг нь далимдуулаад сүүлийн жилүүдэд сонгуулиас сонгуулийн хооронд бэлэн мөнгө тараах буюу арав хорьхон мянган төгрөгөөр саналыг нь худалдаж авч, бэлэн мөнгө амладаг болсон. Ийм увайгүй улс төр бий болсонд л бид эгдүүцээд байгаа юм.
-Амласан мөнгөө яг хэзээ өгөх вэ гэж та асууж байгаа шүү дээ?
-УИХ-ын гишүүдэд байнгын хорооны хуралдааны үеэр хүснэгт тараасан л даа. Хүний хөгжил сан хуулийн төсөлд ямар эх үүсвэрээс иргэдэд хувь хүртээх талаар Сангийн яамнаас хийсэн тооцоог бидэнд өгсөн. 2012 он гэхэд 120 гаруй тэрбум төгрөг орж ирэх боломжтой юм билээ. Энэ нь одоогийн Оюутолгой гэрээний төслөөс авч байгаа урьдчилгаа төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Тэгэхээр 2012 онд иргэн бүр тавин мянган төгрөг л хүртэх боломжтой гэж ойлгож байна. Өнөөдөр зээлээр авсан мөнгөө иргэддээ тавин мянган төгрөгөөр тараачихаад 2012 онд орж ирэх мөнгөнөөсөө дахиад нэг тавин мянган төгрөгийн хувь хүртээчихээд сууж байх юм шиг байна. Харин 2020 онд Хөгжлийн санд цугларах мөнгийг харахад 1,5 сая төгрөг хүртээх боломж харагдахгүй байгаа юм. Тиймээс нэгдүгээрт, мөнгө орж ирэх магадлал бага гэж хэлж болно. Хоёрдугаарт, мөнгө их хэмжээгээр орж ирсэн ч буруу хандлага өгснөөс, хүлээсэнд баригдсанаас болоод парламентад суудалтай хоёр нам маань жаахан мөнгө орж ирэхээр л тараачих гээд байна. Гэхдээ нэгэнт амласан юм чинь хэрэгжүүлэхийн төлөө явах учиртай. Эрүүл мэнд, нийгмийн даатгал, боловсролын эрхийн бичиг, орон сууцны хөнгөлөлтөд сангийн мөнгөнөөс зарцуулна гэж байна. Бэлэн мөнгө олгосноос энэ бүхэнд зарцуулах нь зөв. Харамсалтай нь энэ мөнгийг хэдэн онд хэзээ өгөх вэ гэсэн асуултад өнөөдөр хариулт өгч чадахгүй байна.
-Гэхдээ таны асуултын хариултыг “танай нам, та бүхэн ч бас 1,5 сая төгрөгийг өгөхөөр амласан” гэж хариулж байна?
-МАХН, АН анх 2008 онд энэ амлалтыг өгсөн шүү дээ. 2008 онд бид энэ хоёр намын алинтай ч эвсэж оролцоогүй. Намайг тухайн үед нэр дэвшиж байхад сонгогчид 1,5 сая төгрөг хүртээх асуудлыг үргэлж асууж байсан. 1,5 сая төгрөг өгөх нь лав л 2012 он гэхэд бүтэхгүй. Хэрвээ амлалт бүтлээ гэхэд бэлэн мөнгөөр тараах нь буруу бодлого юм. Бэлэн мөнгө тарааснаар инфляци өсч, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөнө. Эцэстээ бэлэн мөнгө тарааснаар Эрээний бараа борлогдохоос биш Монгол Улсад хэрэгтэй зүйл болохгүйг би хэлж явсан. Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааны үеэр 2,5 сая төгрөгийг өгүүлэхийг шахаж шаардана гэсэн. Тиймээс бид өнөөдөр амласан мөнгөө хэзээ өгөх вэ гэдгийг шахаж шаардаж байгаа хэрэг юм.
-Таны өөрийн чинь хэлснээр “тэнэг” асуулт гэж тодотгож байгаа эмзэгт бүлэгт хамрагддаггүй 35 настай иргэн Доржид 1,5 саяаа хэзээ өгөхөө хэлээд өгөөч гэсэн асуултын хариуд 60 настай Доржид таван зуун мянган төгрөг өгнө. Энэ бол ойлгомжтой асуудал гэдгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлж байгаа. Ашигт малтмалын орд газраас олох олох орлогоос эхний ээлжинд ахмадууд болон бага орлоготой иргэддээ олгоно гэдэгт та ямар байр суурьтай байна вэ?
-Боломж байх юм бол ахмад настан болон эмзэг бүлгийн хүмүүстээ илүү чиглүүлэх нь зөв, Гэхдээ дахин хэлэхэд боломжтой бол бэлэн мөнгө өгмөөргүй байна. Хүн чинь юм үйлдвэрлэж, хийсний дүнд цалин хөлс урамшууллаа авна. Ингэж байж улс орны хөгжил урагшилна. Энэ бэлэн мөнгө тараах эсвэл бэлэн бусаар амлах нь улсын хөгжилд сөргөөр нөлөөлөх зүйл болчихоод байна. Миний хувьд эмзэг бүлгийн ч, орлоготой нь ч хэн нэгэн маань бэлэн мөнгө авах юмсан гэж боддоггүй гэж ойлгодог. Харин би сая төгрөгийн цалинтай ажилтай л болох юмсан гэж боддог гэж ойлгож байна. Сая төгрөгийн цалинтай ажлын байр бий болгох боломж бий. Өнөөдөр томоохон үйлдвэрүүдэд ажиллаж байгаа жирийн ажилчдын цалинг асуухад таван зуун мянган төгрөгөөс сая төгрөг хүртэлх байдаг юм билээ. Цаашид улс орон тогтвортой хөгжихийн үндэс нь хүн болгон cap бүр сая төгрөгийн цалин авдаг, ажлын байртай бодлого хэрэгжүүлэхэд орших юм. Сая таван зуун мянган төгрөгийг 2,6 сая хүндээ огнө гэж тооцохоор дөрвөн их наяд хэрэгтэй болно. Энэ мөнгө тийм амархан эдийн засагт орохгүй шүү дээ. За яахав, онолын хувьд энэ мөнгө ороод ирлээ гэж бодсон ч энэ мөнгөөр хэчнээн олон жижиг, дунд үйлдвэр байгуулахыг бодох хэрэгтэй юм. Нэг удаа таван зуун мянга ч юмуу сая таван зуун мянган төгрөг авахаасаа илүү cap бүр сая төгрөг авдаг ажлын байртай болох нь чухал юм.
-Таны санал ийм байна. Гэхдээ УИХ-аас хуулийн төслийг энэ ондоо яаралтай батлахаар ярилцаж байна. Та цөөнх болж эсэргүүцсээр байх уу?
-Хуулийн төслийг хэлэлцээд батлаад явах нь зүйтэй л дээ. Би Хүний хөгжлийн сан хуулийн төслийг зарчмын хувьд эсэргүүцээд байгаа юм биш. Цаашид стратегийн орд газруудаас орлого орж ирэх юм бол эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, иргэддээ хувь хүртээх нь зүйтэй. Гэхдээ сая, сая таван зуун мянган төгрөг өгөх амлалтыг нь сануулах хэрэгтэй. Яг энэ хуулийн төслөөс харахад сая, сая таван зуун мянган төгрөгийн амлалт нь 2012 онд биелэхээргүй л харагдаж байгаа юм. Хуулийн санаа нь иргэддээ мөнгө хүртээх амлалтаа биелүүлэх болохоор сөрөг хүчин болж байгаа бид хэд сануулах учиртай. Хоёр том нам энэ талаар юу ч ярихгүй, асуудал бүтэх гэж байгаа юм шиг л тойроод л өөрсдийгөө ч хуураад, иргэдээ ч хуураад байх юм. Д.Энхбат гишүүн ч сая нэгдсэн хуралдааны үеэр 2012 онд дараагийн сонгуулийн үеэр дахиад хуурах вий дээ гэж хэллээ. Хэдий өнөөдөр ард иргэдийн амьдрал тааруу байгаа ч тэд тэнэг биш. Ард иргэдийн амьдрал ядууг далимдуулж улстөрийн намууд хэдэн төгрөг амласнаас улс орны хөгжил урагшлахгүй гэдгийг иргэд ойлгож байгаа болов уу.
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Төсвийн тухай хуулиудаа УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн Үндсэн чиглэлийг мөрөөдлийн жагсаалт оруулж ирлээ хэмээн УИХ-ын намын бүлгүүд шүүмжилж, нэг бус удаа буцаалаа. Энэ жилийн төсөв хэр төсөв болно гэсэн бодолтой байна вэ?
-Миний хувьд Үндсэн чиглэлийн жил бүр хэлэлцэж, батлах шаардлагагүй гэсэн зарчмын байр суурьтай байдаг. УИХ-ын сонгуулийн дараа ялсан нам нь дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлээ гаргаад баталчих хэрэгтэй. Үүнийхээ хүрээнд төсвөө жил болгон батлаад яваад байх хэрэгтэй юм. Учир нь төсөвт суусан мөнгө амьдрал дээр ажил болно гэсэн үг. Төсөвт мөнгө суугаагүй байхад Үндсэн чиглэлд баахан жагсаалт гаргах нь угаасаа хэрэгжихгүй юм. Би төсвийн хуулийн хувьд өнгөрсөн жил нэг санал оруулсан ч дэмжигдээгүй. Энэ жил тэр саналаа бас оруулна гэж бодож байна. Монгол Улсад зэсийн үнэ шууд нөлөөлдөг. Зэсийн үнэ 2004-2007 оны хугацаанд төлөвлөж байснаас дандаа өндөр гарч байсан. Төлөвлөснөөс өндөр гарч байгаа учраас зөрүүд нь илүү мөнгө буюу орлого орж ирнэ. Харамсалтай нь илүү орж ирж байгаа мөнгөө тухайн жилийн төсвийн тодотголоо дахин дахин хийгээд зарцуулчихаад байсан. Тиймээс би зэсийн үнэ төлөвлөж байснаас илүү их зөрүүтэй гарвал Хуримтлалын тогтворжилтын сандаа хийе гэсэн зарчмын санал гаргасан. Хэрвээ энэ жилийнх шиг зэсийн үнэ гэнэт унасан шиг хэцүү жил тохиолдвол сангаасаа зарцуулах бодлого юм. Дөрөв таван жил төсөв эерэгээр гарч, бодсоноос илүү мөнгө олсон ч зарцуулаад дууссан. Энэ жил төсөв хэцүү болонгуут хандивлагч орнуудаас мөнгө гуйгаад төсвийн цоорхойгоо нөхсөн. Мөнгө гуйна гэдэг нь бас л бэлэг биш. Эргээд л төлнө гэсэн үг. 2010 оны байдлаар зэсийн үнэ төлөвлөж байснаас арай өндөр гарч магадгүй. Тиймээс тогтворжилтын сан буюу хуримтлалын сантай болж, одоо төлөвлөж байгаа зэсийн үнээ нэлээд болгоомжтой төлөвлөх хэрэгтэй. Хэрвээ ирэх жил зэсийн үнээс бодож байснаас илүү их орлого олбол хуримтлалтай болох хэрэгтэй. Ашигт малтмалын үнэ байнга хэлбэлзэж байдаг учраас үнэ нь унаж өсдөг ашигт малтмалын салбарын онцлогийг харгалзаад хуримтлалын сантай болох хэрэгтэй. Цөөнхийн гурван гишүүн Д.Энхбат, З.Алтай гишүүн бид гурав ирэх долоо хоногоос УИХ-ын Төсвийн байнгын хороон дээр 1,5 сая төгрөгийн амлалтын 30 хувийг улсын төсөвт суулгахаар оруулъя гэж тохирсон. Амлаад байгаа мөнгө нь байна уу, байхгүй байна уу гэдгийн хариу нь гарч ирэх болов уу. Таван зуун мянган төгрөгийг өгөхийн тулд асар их мөнгө хэрэгтэй болно. Тавин мянган төгрөгийг өгөхөд 140 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй бол таван зуун мянган төгрөг өгөхөд 1,4 их наяд хэрэгтэй болно.
-Та бүхний оруулж байгаа саналыг дэмжинэ гэж найдаж байна уу?
-Дэмжмээр байгаа юм. Гэтэл төсөвт суулгах мөнгө байхгүй. Үүнийг нь ард түмэн мэдэх хэрэгтэй. Өнгөрсөн хавраас эхлээд Эрдэнийн хувь, Эх орны хишиг сан гэж тойроод л ухаантай зүйл яриад байх юм. Мэдээж уул уурхайн баялгаас иргэддээ хувь хүртээх нь зөв ч 2011,2012 онд хувь хүртэх боломжгүйг ойлгох хэрэгтэй. Хүмүүс энэ амлалтаас болоод банкнаас зээл авч өр хүртэл тавьсан байна шүү дээ.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан нь улсын эдийн засагт нөлөөлөх томоохон үйл явдал болсон гэдгийг тэмдэглэж байна. Гэрээ батлагдсантай холбогдуулан Оюутолгой ордод ажиллахаар бүртгүүлэх гэсэн хүмүүсийн урт дараалал бий болсон гэж сонсогдох юм. Та Оюутолгойн төсал хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Оюутолгойн гэрээ батлагдсанаар улсын эдийн засаг зайлшгүй сэргэнэ. Оюутолгойн гэрээг баталчихлаа гээд тайван суухгүйгээр Таван толгой зэрэг стратегийн 17 ордоо эргэлтэд яаралтай оруулмаар байна. Нөгөөтэйгүүр улсын оролцоотой оролцоогүйгээр стратегийн жагсаалтад ороогүй орд газруудаа эргэлтэд оруулж чадвал ажлын байр нэмэгдэнэ. Би ойрын тав, арван жилийг маш гэрэлтэйгээр төсөөлж байна. Улс төр л Монголын эдийн засаг, Моыголын амьдралыг хойш нь татчихгүй бол олон боломж бий. Хувийн хэвшлийнхэн ч зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш туршлагатай болж, иргэний нийгмийн төлөөллүүд ч дуугарч эхэллээ. Гагцхүү улс төр л бүхнийг хойш чангаачихгүй бол гэж дахин хэлье. Жишээлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг улс төр л хойшоогоо гурав дөрвөн жил татсан. Гэнэтийн ашгийн татвар гэж дэлхийд байхгүй өндөр татварыг зэс, алтан дээр тогтоосноос болж, хөрөнгө оруулалтыг хойш татсан байх жишээтэй.
-Та Монголын геологийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Сүүлийн жилүүдэд залуус уул уурхайн салбарын мэргэжлийг илүү сонирхож байна. Танай холбоогоор дамжуулан энэ чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах уу. Саяхан танай холбоо Япон Улсын геологийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан санагдах юм?
-Монголын геологийн холбоо нь төрийн бус байгууллага. Японы геологийн холбоотой гарын үсэг зурснаар оюутан судлаачдыг солилцох төслүүд хэрэгжих юм. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ч гэсэн өөрсдийнхөө тэтгэлгээр оюутнууд сургах ажлыг эхлүүлж байна. Тухайлбал, “Рио Тинто” нь “Зориг сантай”-тай хамтраад дөрөв дэх жилдээ геологийн чиглэлээр дотоодод сурч байгаа оюутнуудын тэтгэлгийг зарладаг. Нэгэнт гэрээ батлагдсан учраас энэ чиглэлээр идэвхтэй ажиллах болов уу. Ер нь улс оюутны тэтгэлэгт хөтөлбөрт илүү мөнгө зарцуулмаар юм билээ. Зөвхөн уул уурхайн салбар биш зэрэгцээд боловсролд илүү хөрөнгө зарцуулах бодлогыг төрөөс авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ойлгодог.
-Танай гэр бүл энэ жил шинэ хүнтэй болсон. Та охиноо төрүүлээд удалгүй ажилдаа шуурхай орчих шиг болсон. Охин чинь хэр том болж байна вэ?
-Манай охин Нарангоо найман cap хүрч байна. Охин маань эрүүл хөөрхөн сайхан торниж байна даа.
-Ханиад томуу гээд цэцэрлэг, ясли ажиллахгүй юм. Хүүхдүүдийг чинь хэн харж байна вэ?
-Бяцхан охины маань эгч нь гурав, ах нь зургаан настай. Хүүхдүүдийг маань гэрт нь харж, асрах хүн бий.
-Та гэр бүлийн хүнээ товчхон танилцуулахгүй юу?
-Манай нөхрийг Энхбаяр гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Мөн Москвагийн биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Монголын радио, телевизид нэлээд жил ажиллаж байгаад сүүлийн арваад жил бизнес эрхэлж байна. Гэр бүлийнхээ түшиг болж явдаг хүн бий. Гайхуулж хэлбэл гэх юм уу даа миний хань Монгол Улсын спортын гимнастикийн долоон удаагийн аварга шүү.
-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын парламентын холбооны дэргэдэх Хүний эрхийн хорооны хуралдаанаар С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл сонсоод ирсэн тухай сонин хэвлэлээр гарсан байсан. Та энэ тухай ямар мэдээлэлтэй байна вэ?
-ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хороо жил бүр хоёр удаа хуралддаг. Тэр хурлаар талийгаач ахтай холбоотой хэргийн илрүүлэлт ямар шатандаа яваа бол гэдэгт анхаарал хандуулж мэдээлэл сонсдог. ОУПХ-ны шугамаар Герман, Японы парламентад хандан туслалцаа үзүүлээч гэдэг хүсэлтийг уламжилсан. Германуудтай энэ тачаар хамтран ажилласан гэж ойлгодог. Гэхдээ бидэнд нарийн ширийн мэдээлэл хэлдэггүй ч тодорхой зүйлүүд хийсэн гэж ойлгож байна. Япон Улсын хувьд манайхаас эсвэл нөгөө талаас харилцан бие биедээ явуулах бичиг цаасны асуудлаас үүдэн ажил хэрэг хойшилж байгаа тал бий. Гэхдээ зарчмын хувьд хамтран ажиллахаа илэрхийлсэн. УИХ дээр энэ хэрэгтэй холбогдуулан хзргийг илрүүлэх ажилд шахаж шаардах, дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан ч бас л ганц хоёр хуралдаанаас хэтрэхгүй л сууж байна. Ер нь энэ хэргээс 1998 оноос л улс төрчид зайгаа барьчихсан байдаг юм.
-С.Зориг агсныг жил бүрийн 10 дугаар сарын хоёрны өдөр л дурсаад өнгөрдөг. Ер нь таны хэлснээр энэ хэргийг илрүүлэхээс хэн хүнгүй зайгаа барьсан мэт санагддаг. Энэ жилийн 10 дугаар сарын хоёрны үеэр цагдаагийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл авахыг нийтэд зарласан байсан?
-Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан та бүхэн ч хууль хяналтын байгууллага, хариуцсан ажлын хэсгийнхнээс хариулт авч чаддаггүй юм шиг байна лээ. Ажлын хэсэг байна гэдэг боловч 10 жилийн хугацаанд юу хийснээ тайлагнах цаг болсон байх аа. Мөрдөн байцаалтын нууцгэж байлгүй л яахав. Гэхдээ хариулах зүйлүүд бий гэж ойлгож байна. Саяхан УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Кёкүшюзан Д.Батбаяр нар хэргийн илрүүлэлт ямар шатандаа яваа талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид асуулга тавьсан. УИХ дээр энэ хэрэг яригдах байх гэж бодож байна. Нууцалдаг зүйлээ нууцалдаг юм байгаа биз. Харин хэлэх зүйлээ тайлагнах цаг болсон гэж бодож байна.
Г.Энхмандуул