МОНГОЛЫН АРДЧИЛАЛ, УЛСТӨРИЙН НАМУУДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО
“Иргэний Зориг” Залуучуудын Холбооны
Зохицуулах зөвлөлийн гишүүн Ж.Эрхэмбаяр
Хэлэлцүүлэгт оролцогч та бүхэнд Олон улсын ардчиллын баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлье.
1990 оны Монголын ардчилсан хувьсгал нь зарим нэг хэсгийн тайлбарладаг шиг цєєн хэдэн хүний эр зоригийн хүчээр хийгдчихсэн хувьсгал биш, бас нөгөө хэсгийнх нь мушгин гуйвуулдаг шиг эрх баригч хуучин хүчний санаачлан хэрэгжүүлсэн өөрчлөлт ч бас биш, эрх чөлөөг хүсэмжлэн тэмүүлсэн, эх орныхоо ирээдүйн хєгжлийн тєлєє гэсэн мянга мянган монголчуудын хамтын хүчээр хийгдсэн, баяр бахархалт үйл явц байсан.Монгол Улс ардчилалд шилжсэн тэр цаг мөчид улс төрийн олон намууд байгуулагдаж эхэлсэн нь иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг олгосон. Улмаар анхны чөлөөт, ардчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан нь үндсэн хуульт, ардчилсан улс болохын баталгаа болж олон намын тогтолцоо хөгжих үндсэн нөхцөл бүрдсэн юм.
Гэвч Монголын ардчиллын гарааны нөхцөл улстөрийн намуудад тэгш байж чадаагүй. Учир нь хөрөнгө, мөнгө, боловсон хүчний хувьд дарангуйллын 70 жилийн турш бэхжсэн МАХН-тай хамт шинэ тутам байгуулагдсан олон жижиг намууд өрсөлдөж эхэлсэн.
Хүч тэнцвэргүй гарааны нөхцөл байдал цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд сүүлийн 20-иод жилийн турш хийгдсэн олон шинэчлэлд Монголын улстөрийн намууд шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Энэхүү шинэчлэлд аль нэг нам бусдаасаа илүү үүрэг гүйцэтгэсэн гэхээс илүү өөрт хувь заяаны эрхээр ноогдсон үүрэг хариуцлагаа үүрсэн гэвэл үнэнд илүү нийцэх биз ээ.
Хэдийгээр Монголын улстөрийн намууд тодорхой хэмжээнд төлөвшиж, үзэл баримтлалын хувьд ялгарал үүсч, шинэ Монголын ардчилсан тогтолцооны гол эд эс болон хөгжсөөр байгаа ч ардчилал цаашид бэхжихэд улстөрийн намуудаас сөргөөр нөлөөлж байгаа цөөнгүй хүчин зүйлс байна. Үүнд:
1. Монгол Улсад авлига түгэн дэлгэрэхэд улстөрийн намууд муу нөлөө үзүүлсээр байна. 1996 онд анх удаа Авлигын эсрэг хууль батлагдсанаас эхлээд олон арга хэмжээ авч байгаа ч, авлига нийгэм, улстөр, эдийн засаг, оюун санааны бүх хүрээг хамарсан хэвээр байна.
Авлига улстөр, эдийн засаг, нийгэм дэх эрүүл харилцааг бүхэлд нь доройтуулдаг ба Монгол Улсын хувьд энэ асуудал түгшүүрт төвшинд хүрснийг хөндлөнгийн олон байгууллагын гаргасан судалгааны дүнгүүдээр нотлогдож байна.
Сонгуулийн үед улстөрийн нам, нэр дэвшигчдийг дэмжиж хандив өгснөөр ажилтай, мөнгөтэй болдог гажиг жишиг тогтоод удаж байна. Үүнд авлигад хамгийн их өртсөн байгууллагаар тодроод байгаа Гааль, Шүүх, Цагдаагийн төдийгүй төрийн захиргааны бүхий л байгууллагуудад аливаа сонгуулийн дараа албан хаагчдыг нь олноор нь халж сольдогтой шууд холбоотой.
2. Өнөөдөр төрийн эрх мэдлийг зонхилон хэрэгжүүлж байгаа улстөрийн намууд нийгмийн дэвшил, дэлхий нийтийн чиг хандлагаас тэс ангид, зөвхөн өөрт ашигтай гэсэн зарчмаар сонгуулийн тогтолцоондоо хандсаар ирсэн нь олон сөрөг үр дагаварт хүргэсээр байна.
Ардчиллын нэг гол үнэт зүйл бол өөрийн төлөөллөөр дамжуулан иргэд төр засгийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг явдал билээ. Гэтэл Монголын сонгуулийн гажиг тогтолцооны улмаас сонгогчдын тал хувийн дэмжлэг хүлээсэн нам парламентад бараг 100 хувийн суудал эзэлсэн явдал өнгөрсөн 20 хүрэхгүй жилийн хугацаанд хоёронтоо тохиолдож, иргэд төрийн эрх мэдлийг бодитоор хэрэгжүүлэхэд саад болсоор байна.
3. Намууд сонгогчдын саналыг худалдан авахын тулд элдэв хоосон амлалтууд өгч, улс орны хөгжлийн жам ёсны замд саад болсоор байна. Энэ ёс зүйгүй, хууль бус үйлдэл 2008 оны УИХ-ын сонгуульд дээд цэгтээ хүрсэн бөгөөд өнөөдрийн засгийн газар хамтран байгуулсан намуудын 1 болон 1,5 сая төгрөгийн амлалтууд үүний тод жишээ болно. Энэ бол сонгогчдын эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа үйлдлүүдийн нэг.
Монголын улстөрийн намуудыг чадавхижуулснаар улстөрийн намын систем, улмаар ардчиллыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой байх болно.
Монголын ардчиллын ирээдүй улстөрийн намуудын хөгжил, төлөвшлөөс шууд бөгөөд онцгой хамаарах болно. Иймд намууд дотоод ардчилалтай, хариуцлагатай улстөрчидтэй, нам хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь нээлттэй, ил тод, үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд нийцдэг болох хэрэгтэй юм.
Ардчилал бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, шударга ёс жинхэнэ утгаараа тогтсон, чөлөөт өрсөлдөөн бүхий эдийн засагтай, цөөнхийн эрхийг баталгаажуулсан, нийгмийн амьдралын бүхий л хүрээг зөвхөн хуулиар зохицуулсан нийгмийн хэв ёс юм.
Ардчилсан нийгэмд хувь хүний эрх, эрх чөлөө, хууль, шударга ёс ноёлдог болохоос өнөөдрийнх шиг нам, бүлэглэлийн эрх ашиг бүхний дээр заларсан хэв ёс биш билээ.
Анхаарал тавьсанд баярлалаа.
2009 оны 9 дүгээр сар 15